13 ДАХЬ САРЫН ЦАЛИН ГЭЖ ЮУ ВЭ?
Иргэдийн дунд 13 дахь сарын цалин гэж хэлж заншсан хууль эрх зүйн хувьд “Жилийн ажлын үр дүнгийн урамшуулал” гэх ойлголтын тухай товч мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд 13 дахь сарын цалин гэх ойлголтыг үг үсгийн дагуу хуульчилсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй. Гэвч энэхүү ойлголттой холбоотой дараах зохицуулалт хэрэгждэг байна.
Төрийн албаны хувьд:
Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж заасан. Үүнтэй холбоотойгоор төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний ажлын гүйцэтгэл, мэргэшлийн түвшинг үнэлж, маш сайн үнэлэгдсэн тохиолдолд албан хаагчийг тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох харилцааг Засгийн газраас гаргасан журмаар зохицуулдаг.
Энэхүү журмаар төрийн жинхэнэ албан хаагчид хагас болон бүтэн жилээр гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлттэй холбоотойгоор урамшуулдаг гэж ойлгож болно. Үүнд улс төрийн, болон үйлчилгээний албан хаагчид үл хамаарна.
Хувийн хэвшлийн хувьд:
Хөдөлмөрийн тухай хуульд заавал 13 дахь сарын цалинг олгох тухай зохицуулалт байхгүй. Зарим байгууллага нь хамтын гэрээ, дотоод журам, удирдлагын шийдвэрээр 13 дахь сарын цалинг урамшуулан олгодог.Ихэнх байгууллагын хувьд тухайн жилийн бизнесийн гүйцэтгэл, бизнес төлөвлөгөөний биелэлт зэргийг харгалзан ажилтнууддаа олгож буй урамшуулал юм. Тиймээс 13 дахь сарын цалинг хувь хүний гүйцэтгэлтэй холбодоггүй, компани хэр ажиллаж байгааг бүх хүнд ойлгуулах зорилготойгоор хийгддэг. /Зарим байгууллагад хувь хүний гүйцэтгэлээс хамаарахаар байдаг боловч дийлэнх тохиолдолд компанийн амжилттай холбогддог/
13 дахь сарын цалингийн зохицуулалтыг анх 1975 онд Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос 851 дугаар зарлигаар тогтоосон ба энэ хуулийг цалингийн хамгийн бага түвшинг шийдвэрлэх зорилгоор гаргасан байна. Уг тогтоол нь бага цалинтай ажилчдад нэмэлт нөхөн төлбөр олгож, баяр ёслол тэмдэглэх, зардлаа зохицуулах боломжийг олгосон.
Филлипин улсын хувьд Хөдөлмөрийн тухай хуульдаа 13 дахь сарын цалинг заавал олгохоор хуульчилсан байдаг ба энэхүү урамшуулал нь 1 жил бүтэн ажиллаагүй ажилтанд хүртэл хамаардаг байна.