Асуудал гараад таньдаг ах, эгчээрээ аргалуулах гэж байна уу?
Манай Монгол Улсад ах нь, эгч нь зохицуулаад өгнөө гэх яриа, тохиролцоо бол энгийн мэт болсон. Төрийн дээд албан тушаалтнууд нь ч адилхан ийм аргаар л ажлаа амжуулаад байхад яагаад энгийн ард иргэд бид болохгүй юм гэж энэ үйлдлээ өөгшүүлэх нь бий.
Аль эсвэл өөрөө нийтийн буюу захиргааны албан тушаалтан биш учраас ямар нэгэн хариуцлага байхгүй, албан тушаалаа ашиглаж байгаа асуудал биш гэх тайлбарууд их байдаг.
Гэтэл тэр үйлдэл нь ямар үр дүнд хүргэж болох вэ гэдгийг анхаарах нь зүйтэй.
Тухайлбал, иргэн Г нь элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоороо хүссэн сургуулийнхаа ангид орж чадаагүй тул Э гэгч танил эгчдээ /Сургуультай хамааралгүй этгээд/ мөнгө өгч ангиа солиулахаа хүлээсэн боловч танил эгч нь сураггүй алга болсноор түүний энэ үйлдэлтэй нь холбоотойгоор цагдаад гомдол гаргажээ.
Гомдлыг мөрдөгч, прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй хэмээн хэргийг шүүхэд шилжүүлж 3 шатны шүүхээс түүнийг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, ял оноосон байна.
Иймд аливаа асуудлаа амар хялбар аргаар шийдүүлэх гэж оролдохоос илүү зүй ёсных нь дагуу шийдвэрлүүлэхээр арга хэмжээгээ авч хэвших шаардлагатай байна.
Хуульчаас нь...