АЖИЛ ОЛГОГЧ НАРЫН ДУРГҮЙ СЭДЭВ №01 Ажилтан илүү цагаар ажиллахдаа юуг анхаарах вэ?

          Ажил олгогч буюу тухайн компани Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.11 дэх хэсэгт заасны дагуу “ажилтныг хуулиар тогтоосон ажлын цагийн дээд хязгаараас хэтрүүлэн ажиллуулахгүй байх” үүргийг хуулиар хүлээдэг. Ажлын цагийн дээд хязгаар нь долоо хоногийн ердийн ажлын цаг 40-с илүүгүй байх, ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байхаар зохицуулагдсан. Мөн долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цагаас илүүгүй байна. Өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас илүүгүй байна.Ажил олгогч ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй.

Дээр дурдсан ажлын цагийн дээд хязгаараас давуулан ажиллуулах тохиолдолд хуульд заасан илүү цагаар ажиллуулах журмыг баримтлах нь ажил олгогчийн үүрэг, ажилтны эрх байдаг. Тэгвэл хуульд хэрхэн зохицуулсныг харья.

Ажилтныг ажил олгогчийн санаачилгаар ердийн ажлын өдрийн үргэлжлэл, ээлжийн ажлын цаг, долоо хоногийн ажлын цагийн үргэлжлэл болон ажлын цагийг нэгтгэн бодох ердийн ажлын цагийн нийлбэрээс хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажилласанд тооцно.

Илүү цагаар ажиллуулсан тохиолдолд мөн хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу нөхөн амруулах эсхүл цалин хөлсийг нэмэгдүүлж олгох гэх ойлголт гарч ирдэг.

Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.

Ажилтныг илүү цагаар, долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр шөнийн цагт ажиллуулсан бол энэ хуулийн 109.1, 109.2, 109.4-т заасан нэмэгдэл хөлс дээр шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно.

Иймд ажил олгогчийн санаачилгаар хуульд заасан ажлын цагаас илүү цагаар ажиллаж байгаа бол ИЛҮҮ ЦАГИЙН НЭМЭГДЭЛ ХӨЛСИЙГ АВАХААР ШААРДАХ ЭРХТЭЙ.