Газны дэлбэрэлт ба хүний эрх
Баянзүрх дүүргийн 26-р хорооны Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны 01 сарын 24-ний өдрийн 01 цаг орчмын үед 60 тонн газ ачиж явсан ачааны машин нь суудлын автомашинтай шүргэлцэж улмаар газ дэлбэрснээр их хэмжээний гал түймэр гарч унтраахаар ажиллаж байсан онцгой байдлын газрын ажилчид болон гэртээ тайван амарч байсан олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан хэрэг гарч олныг цочирдууллаа.
1) Маш олон хүмүүс газ тээвэрлэж явсан ачааны машины жолоочийг буруу эгнээнээс эргэсэн гэж буруутгажээ.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д "Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна." гэсэн зохицуулалт байх боловч мөн дүрмийн 10.6-д "Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар, гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөний тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэж зохицуулсан байгааг анхаарах нь зүйтэй.
2) Мөн жижиг машин уулзвараар эргээд түр зогсож байгаа мэт дүрс бичлэг зарим газрын хяналтын камерт үлджээ.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 14.8-д "Дараахь тохиолдолд түр зогсохыг хориглоно: а/ уулзвар, гарц дээр болон уулзварт 20 м, гарцад 10 м-ээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэгт зогсохоос бусад тохиолдолд)" гэж зохицуулсан байдаг. Тухайн үед юунаас болж зогссон, замын хальтиргаа нөлөөлсөн үү гэдгийг зохих байгууллагаас нь тогтоох байх.
3) Гал гарах бүрд яригдаад мартагддаг сэдэв бол барилгын галын аюулаас урьдчилан сэргийлсэн, бэлтгэсэн байсан эсэх тухай асуудал байдаг. /Тус галын аюулд өрсөн байр нь замын хажууд баригдсан байр байсан учир бас бусад тохиолдлоос өөр байсан .../
Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д "Барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө." гэж зохицуулжээ.
Гал 4 замын уулзвараар тархсан байсан тул орон сууцанд гарч байсан галыг мөн ардаас нь очиж унтраах нь олон хүний эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах боломж байсан боловч тийм зам талбай байхгүй, байсан ч галын машины стандартад нийцээгүй тул үйл ажиллагааг удаашруулсан нэг нөхцөл ч гэж үзэж болохоор байна.
4) Манай улсад юу сайжирч байгаа юм бэ?
Гал бол гэнэтийн аюул байдаг. Галын аюул хэзээ тохиолдохыг таах боломжгүй боловч урьдчилан сэргийлэх, гал гарсан тохиолдолд авах арга хэмжээг төлөвлөх, бэлэн байдлыг хангах нь олон талаараа эерэг ач холбогдолтой.
Таны амьдарч буй орчинд галын машин очиж гал унтраах боломжтой нөхцөлд та амьдарч байна уу? Санаа тавих л ёстой асуудал.
Монгол хүмүүс бид Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон үндсэн эрх болох эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хангалттай эдэлж байна байгаа юу?
Хүн амьд явах салшгүй эрхтэй. Мөн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Харин эдгээр эрхээ зүй ёсоор эдлэхийн тулд эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах зэргээр байгаль, нийгмийн элдэв сөрөг нөлөөллөөс ангид байх ёстой юм.
Эрүүл аюулгүй орчин нь дан ганц хүн бус, бусад амьд амьтан, ургамалд ч хамаарах өргөн хүрээтэй ойлголт юм. Энэ нь хүмүүс өдөр тутмын амьдралдаа амь бие, эрүүл мэнддээ халтай орчны аливаа нөлөөлөлд өртөхгүй байх, түүнээс ангид байх боломж байдаг. Эрүүл орчин нь гол төлөв байгалийн тэнцэл, хүрээлэн буй орчны төлөв байдал зэрэг ордог. Үүнд агаар ус газар болон үүнтэй холбоотой бусад өргөн хүрээний байгалийн болон хүний хүчин зүйлс багтдаг.
ХАРИН аюулгүй орчин нь илүү нийгэм улс төрийн шинжтэй ойлголт юм.
Энэ эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд баталгаажуулсан боловч ажлаа хийхээр гарсан гал сөнөөгч залуусын хөдөлмөрийн аятай нөхцөл нь хангагдсан байсан болов уу, замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нар стандарт хангасан замаар явж байсан болов уу, орон сууцандаа амьдарч байсан иргэд галын аюулгүй байдалд бэлтгэгдсэн байранд амьдарч байсан уу гэдэгт бас ач холбогдол өгөх ёстой гэж хувьдаа бодож байна.
Гүн эмгэнэл илэрхийлье.
Зовлон хэлж ирдэггүй хийсэж ирдэг, бэлтгэл хэзээ ч илүүдэхгүй.