“ХҮҮХДИЙН БАЯР” уу, “ЭХ ҮРСИЙН БАЯР” уу ?
Ер нь бид яагаад баяр тэмдэглэдэг, зарим баяраар яагаад амардаг юм бол гэж бодож байсан уу? Баяр, баяр, баярын амралт...
Манай Монгол Улсад “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” гэх хууль байдаг ба энэ нь нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг.
Тус хуульд "нийтээр тэмдэглэх баярын өдөр" гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг харин "нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр" гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг ойлгохоор хуульчилжээ.
Өнөөдөр 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр буюу дээр дурдсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.6 дахь заалтад зааснаар нийтээр тэмдэглэх “Хүүхдийн баяр” юм. Товчхондоо “Эх үрсийн баяр” БИШ юм.
Гэтэл “Эх үрсийн баярын мэнд” гэх мэндчилгээ энд тэндгүй байгаа нь ямар учиртай вэ, ямар үр дагаврыг үүсгэж байна вэ гэдэг нь сонирхолтой.
Монгол Улсын хууль тогтоомжоор
· 1952 оноос "Хүүхдийн баярын өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон
· 1995 оноос тус баярыг өргөтгөн "Эх үрсийн баяр" гэж тэмдэглэх болсон
· 2003 оноос “Хүүхдийн баяр” гэх нэр, агуулгаар тэмдэглэхээр болсон
“Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэсэн 73 жилийн хугацааны зөвхөн 8 жилд нь “Эх үрсийн баяр” гэж тэмдэглэсэн нь өдгөө ч бидний ойлголтод хэвээр буюу маш хүчтэйгээр үлдсэн бололтой. Яагаад гэдгийг хүн бүр өөрөөр тайлбарлах байх...
Би энэ асуудлыг бүхэл бүтэн ХУУЛИАР баяр болгон тэмдэглэж байгаа “Хүүхдийн баяр”-ын мөн чанар, утга агуулгыг бууруулж байгаа үзэгдэл гэж хардаг.
Баяр гэдэг бол зүгээр л тэр нэг өдрийг гоё хоол, амттан идэж, тоглож, сайхан өнгөрөөх ёстой өдөр биш. Баяр бол цаанаа өргөн утга агуулгатай зүйл шүү дээ, тэрхүү агуулгыг энэ өдөр бүрэн ойлгож, баярын учрыг олж баярлаж хэвших шаардлага манай нийгэмд хамгийн дутмаг гэж боддог.
Бидний амьдарч байгаа буюу бидний бүтээж буй нийгэм хүүхдэд хэр ээлтэй байна, хүүхдийн эрхийг хамгаалж чадаж байна уу, үгүй бол бид юуг хэрхэн яаж засаж, сайжруулах боломжтой тухай эргэцүүлж өөрийн хүүхэд гэлтгүй нийгмийн бүх хүүхдийнхээ асуудалд анхаарч тэмдэглэж сурмаар...
Өдөр бүр л манай улсын өнцөг булан бүрт хүүхдийн эрхийн зөрчил гарсан тухай мэдээ гарч байдаг, энэ өдөр зүгээр баярын мэнд гээд маргааш тэр мэдээнүүд үргэлжилсээр л байх болно...