Хууль гэж юу вэ ?

Хууль гэж юу вэ ?

Хууль бол товчхондоо бидний амьдрал юм. Та яагаад вэ, би чинь тийм хууль, журмаас хол мөрөөрөө л амьдардаг шүү дээ гэж бодож байна уу?
Амьдралынхаа нэг өдрийг төсөөлөөд үзье. Өглөө босоод нүүр, гараа угаагаад, цайгаа уугаад, автобусанд эсхүл таксинд суугаад ажилдаа яваад орой нь дэлгүүр орж ойр зуурын зүйлсээ аваад харьдаг, энэ бол амьдрал түгээмэл байдаг бидний амьдралын л нэг өдөр шүү дээ.
Одоо дээрх нэг өдрийн амьдралыг хуулийн талаас нь харья. Өглөө босоод өрөөний гэрлээ асааж байгаа тань Цахилгаан түгээх сүлжээний газартай байгуулсан ашиглалтын гэрээгээр асна, нүүр гараа угааж байгаа ус тань Ус, дулаан түгээх сүлжээний газартай байгуулсан ашиглалтын гэрээгээр гарна, автобусанд эсхүл таксинд суух үед тээвэрлэлтийн гэрээний харилцаанд орно, хэрэв өөрийн унаагаар явах бол замын хөдөлгөөний дүрмийг ягштал мөрдөх эрх зүйн харилцаа үүснэ, явган хүнд ч уг журам хамаарна/, ажлаа хийж байгаа нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд орж буй үйл баримт болно, дэлгүүр ороод юм худалдаж авах тань хүртэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгаа эрх зүйн харилцаа юм шүү дээ.
Ийм болохоор бид бүхэн хуулийн анхан шатны мэдлэг, мэдээлэлтэй байх хэр чухал ач холбогдолтой вэ гэдэг нь харагдаж байгаа биз.
Хамтдаа хуулийн тухай анхан шатны мэдээлэлтэй болцгооё.
Цаашид энэ хуудсаараа дамжуулан амьдралд хэрэгтэй хуулийн тухай мэдээллийг хүргэхийг зорьж байна.

Хуульчаас нь...