Төрийн албаны захирах, захирагдах ёс ба шүүхэд хандах эрх

Төрийн албаны зөвлөлөөс захиргааны байгууллагын холбогдох шийдвэрийг хянаж, тодорхой үндэслэлээр хүчингүй болгосон бол захиргааны байгууллага үүнийг эсэргүүцэн шүүхэд хандаж болох уу?

Үүнтэй холбоотой шүүгчийн захирамжийн жишээ, хууль эрх зүйн үндэслэл, гарч буй асуудлын тухай дүгнэн үзье.

Шүүгчийн захирамжийн агуулга:

А захиргааны байгууллага нь “ажилтан М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/02 дугаар захирамж гаргасан, уг захирамжийг М эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаар Төрийн албаны зөвлөлөөс уг маргааныг хянаж, тодорхой үндэслэлээр захирамжийг хүчингүй болгожээ.

А байгууллагын дарга нь Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Татгалзлалын үндэслэлээ Төрийн албаны тухай хуульд зааснаар, төрийн албаны удирдах албан тушаалтан нь Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тогтоолыг заавал биелүүлэх үүрэгтэй, нөгөө талаас, төрийн албаны эрх зүй дэх субординацийн буюу захирах, захирагдах ёсны зарчмын дагуу төрийн албаны удирдах албан тушаалтан Төрийн албаны зөвлөлөөс гаргасан заавал биелэгдэх шинжтэй тогтоолын эсрэг маргах боломжгүй гэжээ.

Эх сурвалж : https://www.facebook.com/photo.php?fbid=493289352825168&set=a.247777154043057&type=3&mibextid=WC7FNe&rdid=A1iwogzQoro7TMlc

Шүүгчийн захирамжийг бататгах хууль, журмыг судлан үзье.

Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж зохицуулсан байх боловч гомдол гаргах талд дараах хууль зүйн үндэслэлээр захиргааны байгууллага хамаарахгүй байна. Үүнд:

Төрийн албаны тухай хууль

65 дугаар зүйл.Төрийн албаны төв байгууллага

65.6.Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.

76 дугаар зүйл.Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох

76.1.Энэ хуулийн 75.1-д заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно.

Захиргааны ерөнхий хууль

98 дугаар зүйл.Гомдлыг хянан үзээд гаргах захиргааны акт

98.1.Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана:

98.1.2.гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох;

98.2.Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолын хавсралт

Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журам

14 дүгээр зүйл.Зөвлөлийн шийдвэр гаргах

14.1.Зөвлөл комиссын дүгнэлтийг хэлэлцээд, тогтоол гаргана.

14.2.Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол Зөвлөл тухайн шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгоно.

14.4.Зөвлөлийн гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.

Дээр дурдсан хууль зүйн үндэслэлээс Төрийн албан зөвлөлийн холбогдох шийдвэр нь захиргааны байгууллагын хувьд заавал дагаж мөрдөх эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгааг харж болно.

Гэвч төрийн албаны зөвлөлийн гаргаж буй шийдвэр нь өөрөө доод шатны захиргааны байгууллагадаа хүлээн зөвшөөрөгдөхүйц бус гарч байгаа асуудал үргэлжилсээр байна.

Тухайлбал нэгэн Ө захиргааны байгууллагаас Г ажилтныг хэд хэдэн зөрчил гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл оноосон байна.

Энэ тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулсан захиргааны актыг Төрийн албаны зөвлөлөөс хянан үзээд шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн хэмээн хүчингүй болгохдоо актад дурдсан бусад үндэслэлд огт дүгнэлт хийгээгүйгээр актыг бүхэлд нь хүчингүй болгожээ.

Захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа дүгнэлт гаргах бүх үндэслэлд тайлбар өгч, хэрэв дүгнэлт хийх боломжгүй бол энэ тухайгаа дурдаж байх үүрэгтэй юм.

Иймд төрийн албанд чадахуйн зарчмыг хэлбэрийн төдий бус агуулгын түвшинд бүрэн хэрэгжүүлж ажиллахгүй бол захирах, захирагдах ёсны цаад агуулгад зөрчил үүссээр байхаар байна.