ЗОЧНЫ НИЙТЛЭЛ №01 "Шүүх хуулийн эсрэгт зүгт явна"

ШҮҮХ ХУУЛИЙН ЭСРЭГ ЗҮГТ ЯВНА


Rule of law буюу хууль дээдлэх ёс гэдэг нь төрийн аливаа үйл ажиллагаа хуульд захирагдана гэсэн утгатай бөгөөд Монгол Улсын Үндсэн Хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж зааснаар манай улс хууль дээдлэх ёсыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон тунхаглаж, бүх шатны төрийн байгууллагын үйл ажиллагаа гагцхүү хуульд заасны дагуу явагдах ёстойг заажээ.  

Хэрэв хуулийг хэн ч үл биелүүлбэл анархизм бий болж нийгэм бүхэлдээ эмх замбараагүй болох сөрөг үр дагаварт хүргэх тул аливаа төрийн байгууллагууд бүхэлдээ хуульд юу гэж заасан байна түүний дагуу үйл ажиллагаа явуулан, шийдвэр гаргах ёстой. Энэ ойлголт шүүх эрх мэдлийн байгууллагуудад ч мөн адил үйлчлэх бөгөөд хууль зүйн дээд боловсрол эзэмшин тангараг өргөсөн хуульч нар хамгийн түрүүнд хуулийг сахин биелүүлж, дагаж мөрдөн, дээдлэн хүндэтгэх учиртай.

Мөн Монгол Улсын Үндсэн Хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заажээ. Энэ нь шүүх хууль тогтоогчоос тогтоосон хуулийг хэрэглэн, түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй болохыг зохицуулсан тул нэгэнт тогтоогдсон хууль бодит байдалд үл нийцэж байна гэж дүгнэх эрх шүүхэд үгүй. Гэтэл “Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж нь бодит байдалд нийцэхгүй байна” гэсэн дүгнэлтийг хийж байсныг хараад гайхал төрж байлаа.

Хэрэв шүүх энэ хууль бодит байдалд нийцэхгүй байгаа учраас бид дагаж мөрдөхгүй гээд байвал Үндсэн хуульд заасан “ХУУЛЬ ДЭЭДЛЭХ ЗАРЧИМ” үгүй болж иргэдийн хууль дээдлэх итгэл үнэмшлийг үгүй хийх сөрөг талтай юм. Бид бусдаас хууль биелүүлэхийг шаардаж байгаа бол өөрөө нэн тэргүүнд хуулийг ягштал сахин биелүүлж, дагаж мөрдөж байх учиртай. Өнөөгийн Монголын нийгэмд асуудлууд олон бий ч түүнийг шийдвэрлэх нь Засгийн газрын үүрэг, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь Монгол Улсын Их Хурлын үүрэг харин шүүх нь нэгэнт тогтоогдсон хуулийг зөрчсөн тохиолдолд түүнд хариуцлага тооцон, хуулийг хамгаалах нь үндсэн үүрэг нь юм.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 21 шүүх, Сум дундын 8 шүүх нийт 29 шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг эрхлэн явуулж байна[1].

Анхан шатны шүүхээс 2023 онд 14919 хэргийг хянан шийдвэрлэснээс давж заалдах шатны шүүх 2215 хэргийг хянан хэлэлцэж 559 шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, 427 шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байна[2].

Давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 44,5 хувь нь өөрчлөлт орж, хүчингүй болсон бөгөөд анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 6,6 хувьд нь өөрчлөлт орж, хүчингүй болжээ.

Энэхүү тоон мэдээнд дүн шинжилгээ хийвэл дунджаар улсын хэмжээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нийт 29 шүүхийн 1 шүүхийн 34 шийдвэрт ямар нэгэн хэлбэрээр өөрчлөлт орж эсхүл хүчингүй болсон байх бөгөөд үүний үр дүнд тухайн шүүгчид ямар хариуцлага тооцсон болох нь тодорхойгүй байна.

Хэдий шүүгч эрх зүйн ухамсрыг удирдлага болгон дотоод итгэлээрээ хуульд захирагдан шийдвэр гаргах ёстой боловч давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хууль бус гэж үзэн хүчингүй болгох эсхүл өөрчилсөн тохиолдолд түүний дотоод итгэл зөв байсан уу? эсхүл эрх зүйн ухамсартай байсан уу? мөн тухайн шүүх, шүүгч хууль захирагдсан уу? гэдэг асуулт гарч ирэх ёстой. Шүүгчийн хараат бус бие даасан байдлыг хангахын төлөө түүний дотоод итгэлийг хуулиар хэт хамгаалснаар шүүх дураараа аашлах, алдаатай шийдвэр гаргах, хүчингүй болсон ч үл эмээх хөрсийг өнөөгийн хууль тогтоомжоор бүрдүүлжээ.

Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангаж, хамгаалах нь зөв боловч түүгээр далимдуулан шүүхийн дураараа аашлах боломжийг бүрдүүлэх ёсгүй. Шүүгч энэрэнгүй ёсны үүднээс гэж өөрийн дотоод итгэлд тулгуурлан буруу шийдвэр гаргах нь түүний ёс зүй, хууль дээдлэх эрх зүйн ухамсрыг үгүй хийж байгаа ойлголт юм.

Учир нь шүүгчийн гаргаж байгаа шийдвэр нь хуулийг дээд хүчин чадалтайгаар хэрэгжүүлж байгаа хэлбэр байхад өөрийн дотоод итгэл гэх зүйлд хэт хөтлөгдөн буруу шийдвэр гаргах нь хууль дээдлэх ёсны эсрэг үйлдэл бөгөөд өргөн утгаар авч үзвэл хуулийг үл дээдлэх явдлыг дэмжин хохирсон эрх ашгийг үл ойшоох, нийгэмд бурангуй явдал үүсэх боломжийг нээсэн хэрэг билээ.

Эцэст нь хэлэхэд хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүргийг хүлээн, оройлон манлайлж байх ёстой шүүх хуулиа үл хүндэтгэх аваас бусад этгээд ч мөн адил хуулийг үл хүндэтгэх боломжийг нээн, хууль ёсыг уландаа гишгэж, улмаар нийгэм даяар бурангуй ёс тогтох шим тэжээлт хөрсийг бий болгох тул шүүгчийн дотоод итгэлийг хамгаалахад гол анхаарлаа хандуулахаас илүү эрх зүйн ухамсрыг төлөвшүүлэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл гол анхаарлаа хандуулах шаардлагатай юм.

[1]Шүүх байгуулах тухай хууль 2 дугаар зүйл.

[2] Монгол улсын шүүхийн 2023 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ

ЗОЧИН НИЙТЛЭГЧ: Б.ДАШНЯМ